Pages

Sunday, December 19, 2010

Аборт хүсэж байна уу ???


Нарт Ертөнцийг харах гэж тэсэж ядан хүлээнэ би
Намайг төрснийг сонсог гэж тэнхээ мэдэн чарлана би
Анхныхаа амьсгалаа аваад эрх дураараа суниахдаа
Алтан дэлхийн уудмыг алдалж нэг үзнэ би.
Жаргалтай ээжийнхээ царайг сэтгэлдээ би төсөөлнө.
Жавхаалаг сайхан аавыгаа хамгийн мундагт тооцно.
Хөхүүн инээдээ сэтгэлдээ тээн хөрвөлзөхөд минь
хүйтэн мэсээр биеийг минь тасчих байсан гэж үү.
Өвдөхийн эрхэнд би хичнээн тийчлэн цовхчивч
Үнэхээр өөрийгөө би аварч чадахгүй нь ээ.
Ээжээ намайг бүү голооч
Энгэрийг чинь үнэрлэх жаргал хайрлаач
Хэнээс ч илүү сайн хүүхэд байя, би амлая
Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя
Ааваа намайг амьд үлдээгээч
Алив бүх мөрөөдлийг минь хамгаалаач
Үгэнд чинь ордог сайн хүүхэд байна, би амлая
Үхлийн мууг надад бүү тулгаач, би гуйя.
Орчлонгийн энэхэн зайн хамгийн тайван газарт
Одоохондоо би ториноод амар тайван нойрсоно.
Хайрт эхийнхээ хэвлийн бат бэхэд найдаад
Хүний амьдралын сайхныг тааж ядан төсөөлнө.
Зүүд мөрөөдөлдөө умбан ганцаараа инээн суухад
зүү шиг хурц төмөр биеийг минь сүлбэн ороод
Хөөрч баярлахдаа л тийрчихдэг бяцхан хөлийг минь
Хүйтэн ирээрээ хөрөөдөн өршөөлгүй тасчихад
Өвдөхийн эрхэнд би хичнээн тийчлэн цовхчивч
Үнэхээр өөрийгөө би аварч чадахгүй нь ээ.
Ээжээ намайг бүү голооч
Энгэрийг чинь үнэрлэх жаргал хайрлаач
Хэнээс ч илүү сайн хүүхэд байя, би амлая
Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя
Ааваа намайг амьд үлдээгээч
Алив бүх мөрөөдлийг минь хамгаалаач
Үгэнд чинь ордог сайн хүүхэд байна, би амлая
Үхлийн мууг надад бүү тулгаач, би гуйя.
Чимээгүй хашгираан

Бяцхан гар, хөөрхөн нүүргийг минь та хэзээ ч хараагүй
Булбарай бие хэврэг ясыг минь та барьж үзээгүй
Үнэхээр намайг инээж байгааг та мэдээгүй
Үгүй гээд хайраа харамлахдаа та бодоогүй
Үл таних хүн мэт би танд санагдавч
Үнэхээр таныг дотороос чинь мэднэ би
Хараагүй юм чинь яахав гэж өөрийгөө бүү хуураач
Хамаг зүрхний чинь цохилт бүрийг би сонсодог.
Зовлон бүхнийхээ шалтгааныг намайг гэж бодоо юу
Жаргаж явах үедээ үүнийгээ та бодсон уу
Арилаад өгөхөд хамгийн амар нь би байгаа юу
Ариун хайр энэ тэр чинь үгүй болоо юу
Өсөрхөж хорсох шалтгаан танд байсан юм уу
Өөдгүй тэр залуу аав минь байсан юмуу
Тэжээж чадахгүй гэж хэн нэг нь хэлээ юу
Тэгээд намайг шууд золиосонд гаргаа юү.
Хашгираагүй гэж намайг та бодоо юу
Хашгирсан шүү ээжээ хамгийн чангаар
Өвдөөгүй гэж намайг та бодоо юу
Үхэл үнэрттэл өвдсөн шүү ээжээ.
Хайрлахгүй гэж намайг та сонгосон уу
Харин одоо сэтгэлд чинь юу үгүйлэгдэнэ вэ.
Санахгүй гэж намайг та голоо юу
Санаанд чинь үр чинь үргэлж байгаа ш дээ одоо.
Хамаг дэлхийг танд худалдаж аваад өгөхгүй ч
Харанхуй энэ амьдралд чинь инээмсэглэл болох байсан юм.
Өөрөөсөө өөр юуг ч хайрладаггүй сэтгэлд чинь
Өр зүрхийг чинь дэвтээх жаргал чинь байх байсан юм.
Эргэж хараад ч гайхуулах зүйлгүй амьдралд чинь
Ирээдүйд чинь гэрэлтэх Итгэл байх байсан юм
Эр бүхний өмнө үнээ алдсан өвөрт чинь
Энгэрийг чинь зөөллөх үр чинь байх байсан юм.
Цагийн аясаар гандаад өгөх царайнд чинь
Сэтгэлээс чинь гэрэлтэх үзэсгэлэн чинь байх байсан юм.
Цал буурал болоод амьдралаа дэнслэх цагт чинь
Зүрхийг чинь дүүргэх хайр чинь байх байсан юм аа.

Tuesday, December 14, 2010

Дэлхийн хамгийн үнэтэй уран зурагнууд







Дэлхийн хамгийн үнэд хүрдэг уран зурагнуудыг сонирхуулья гэж бодлоо. Эдгээр зурагнууд ихэнхдээ дэлхийн томоохон музейнуудад хадгалагддаг байна. Жишээ нь Monalisa зургыг зарахад хүрвэл доорх жагсаасан зурагнуудаас хол илүү үнээр зарагдах нь гарцаагүй. Monalisa г түүхэнд хамгийн өндөр үнээр даатгалд хамрагдсан зураг гэж үздэг байна. Парисын Louvre музейд хадгалагдаж байгаа энэ зургыг зарахаас илүүтэйгээр аюулгүй байдал дээр нь нилээд хэмжээний мөнгө зардаг аж. 1. Adele Bloch-Baeur н хөрөг Зураач Gustav Klimt $135,000,000 Зургыг 1907 онд Австрийн зураач Gustav Klimt зуржээ. Германчууд Австрийг эзлэн авах үед зургыг хураан авсан ба 2006 онд косметик үйлдвэрлэгч Ronard S. Lauder гэгч зургыг $ 135 саяар худалдан авсан байна. 2. Garcon a la гаанс Зураач Pablo Picasso $ 104,100,000 Спанийн зураач Pablo Picasso н тосон будгаар зурсан энэхүү бүтээл нь Парис хотын нэгэн хүү гартаа гаанс барьсан байгааг харуулжээ. Зургыг 1904-1906 оны үед бүтсэн гэх ба энэ үед Picasso н зурагнуудад шар, улаан ,ягаан өнгө давамгайлдаг байв. 2004 оны 5 сарын 4нд НьюЁркын дуудлага худалдаандээр $ 104.1 саяар зарагджээ. 3. Дора мууртай хамт Зураач Pablo Picasso $95,200.000 Мөн л Pablo Picasso н бүтээл. 1941 онд зурсан. Энэ зурагны талаар нилээд их цуу яриа байдаг нь энэхүү бүтээл Picasso тай 10 гаруй жил найзалсан түүний найз охин Дораг нь дүрсэлсэн гэсэн яриа. 2006 оны 5 сарын 3нд НьюЁркын Sotheby дуудлага худалдаандээр $ 95.2 саяар зарагдсан байна. 4. Dr Gachet н хөрөг Зураач Vincent van Gogh $82,500,000 Японы Ryoei Saito хэмээх бизнесмен энэ зургыг НьюЁркын Christie’s дуудлага худалдаандээр $ 82.5 саяар худалдан авсанаар Голландын зураач гэнэт л алдартай нэгэн болж хувирчээ. Ryoei Saito энэ зургандаа үнэхээр хайртай байсан учир хожим нас барахдаа зургыг чандарлахыг хүссэн байна. Энэ бүтээл нь 2 хувилбартай байдгаас нөгөө хувилбар нь одоо Парисын музейд хадгалагдаж байна. 5. Bal Au Moulin de la Gallet Зураач Pierre-Auguste Renoir $ 78,000,000 1876 онд Францын зураач Pierre-Auguste Renoir зуржээ. 1990 оны 5 сарын 17 ны өдөр Sotheby дуудлага худалдаа дээр $ 78 саяар зарагдсан юм. Харин худалдан авсан хүн нь мөн Dr Gachet н хөргийг худалдан авсан Ryoei Saito юм байна. 6. Massacre of the Innocents Зураач Peter Paul Rubens $ 76,700,000 1611 онд Peter Paul Rubens н зурсан энэ зургыг 2002 онд Sotheby дуудлага худалдаа дээр Kenneth Thomson гэгч Канадын баян бизнесмен $76.7 саяар худалдан авсан байна. 7. l’Artiste Sans Barbe н хөрөг Зураач Vincent Van Gogh $71,502,496 Хөрөг зурагнуудаараа алдартай Vincent van Gogh н бас нэгэн алдартай хөрөг. 1889 оны 9 сард Францад зуржээ. Ямар ч сахалгүй зурсан энэхүү хөрөг зураг бусад хөрөгнүүдээс адилгүй болж чадсан байна. 1998 онд НьюЁркд зарагдах үедээ хамгийн үнэтэй зурагнуудын нэг болжээ. 8. Rideau, Cruchon et Compotier Зураач Paul Cezanne $60,502,500 1893-1894 оны хооронд зурагдсан ба 1999 онд мөн л Sotheby дуудлага худалдаа дээр $ 60.5 саяар зарагдсан байна. Худалдан авсан хүн нь баян айлаас гаралтай Whitney гэгч бөгөөд санхүүч, нийтлэгч, Холливуудын киноны продьюсер юм байна. 9. Femme aux Bras Croises Зураач Pablo Picasso $55,006,000 Цэнхэр үе хэмээн нэрлэгддэг 1901 онд энэ зургыг зуржээ. Энэ үе Picasso н хувьд уйтгар гунигаар дүүрэн үе байсан бөгөөд гоо үзэсгэлэн, цэнхэр өнгийг ихэвчлэн зурж байсан гэдэг. 2000 оны 12 сарын 8 нд НьюЁркын Christie’s Rockefeller дуудлага худалдаа дээр $55 саяар зарагдсан байна. 10. Irises(Цахилдаг ) Зураач Vincent Van Gogh $53,900,000 1889 онд нас бархаасаа 1 жилийн өмнө Францад зурсан байна. 1987 онд тухайн үеийн хамгийн үнэтэй зураг болж байжээ. Одоо Brentwood музейд хадгалагддаг.  

Saturday, December 11, 2010

Оюуны өмч гэж юу вэ?


Зохиогчийн эрх оюуны өмчийн нэг хэлбэр. Оюуны өмч нь үйлдвэрийн болон зохиогчийн эрх гэсэн хоёр салбарт хуваагддаг. Аж үйлдвэрийн өмчид хүний өдөр тутмын хэрэгцээг хангах бараа бүтээгдэхүүн болон түүний дээрх тэмдэг мөн үйлдвэрлэхэд хэрэглэж байгаа техник, технологтой холбоотой дизайн, шийдэл зэрэг багтана. Харин зохиогчийн эрх нь оюун санааны хэрэгцээг хангах урлаг, утга зохиол, шинжлэх ухааны бүтээлүүд, компьютерийн программ зэргийг хамардаг юм. Манайхан эдгээр ойлголтыг хольж сольдог. Нэр томъёо, утга агуулгын хувьд ч мөн адил. Шинэ бүтээл, бараа бүтээгдэхүүний тэмдэгт гэхэд зохиогчийн эрх авна гэдэг ч юм уу, эсвэл зохиогчийн эрхийн бүтээлээ патентжуулна гэж ярьдаг юм. Тухайн хүн шинэ бүтээл хийсэн бол Оюуны өмчийн газар болон тухан орон нутгийнхаа Патентийн газар хандаж өргөдөл гаргах ёстой. Хайлт шүүлт хийлгэж, шинэ гэдгийг тогтоолгоно. Харин патент, гэрчилгээ авах шийдвэр гарлаа гэхэд анх өргөдөл өгсөн өдрөөр тооцож тухайн хүний өмч болгодог. Гэтэл оюуны бүтээлийн хувьд заавал Оюуны өмчийн газар хандаж, гэрчилгээ авах шаардлагагүй. Энэ тухай Зохиогчийн эрхийн тухай хууль, Зохиогчийн эрхийн салбарын Бернийн конвенц зэрэгт заасан байдаг. Тухайн бүтээлийг зохиосон үеэс эхлэн зохиогчийн эрх хамгаалагдана гэж дурдсан байдаг.
Жишээ нь, хүүхэд төрөөд л амьд явах зэрэг төрөлх эрхээ эдэлдэг. Эцэг эх нь гэрчилгээ авахаас өмнө хүүхдээ гаргуунд нь хаячихдаггүй биз дээ. Yүнтэй ижил зохиогч гэрчилгээ аваагүй бол бүтээл нь түүнийх биш гэж үзэж болохгүй. Харамсалтай нь, наад захын ийм зүйлийг энгийн хүмүүс байтугай шүүгч нар ойлгодоггүй. Шүүхийн байгууллагад “Миний оюуны бүтээлийг хулгайлчихлаа” хэмээн хандахад “Та Оюуны өмчийн газар энэ бүтээлээ бүртгүүлээгүй л бол нэхэмжлэлийг чинь хүлээж авах боломжгүй” гэж хэлдэг.
Оюуны өмчтэй харьцах соёлтой харилцааг тогтоох нь
Эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлийг хөдөлгөгч хүчин болсон оюуны өмчийн сурталчилгааг явуулснаар дараахь үр дүнд хүрнэ:
-Төрийн агентлаг, албан хаагчдын оюуны өмчийн эрхийн хэрэглээ шаардлагыг нэмэгдүүлэх зорилгоор бодлого, зохион байгуулалт, менежментийн тусгай хөтөлбөрүүдийг боловсруулах

-Олон улсын хамтарсан үйлдвэрүүдээс эхлэн жижиг үйлдвэрүүд хүртэл, хувийн хэвшлийнхэнд оюуны өмчийн үнэ цэнийг ойлгуулж, оюуны өмчийн эрхийг авах, мэдлэг мэдэгдэхүүн дээр тулгуурласан аж ахуйн үйлдвэрлэлийг хөтлөн явуулах

-Ард нийт хууль ёсны бүтээгдэхүүн, үйлчилгээг хүртэхийн ач холбогдлыг ойлгож, улмаар орон нутгийн үйлдвэрүүд хөгжин, түүнтэй уялдан татвар хураалтын хэмжээ нэмэгдэж хуулийн бодит хэрэгжилт сайжирна.
Оюуны өмчтэй харьцах зохистой ёс суртахуун төлөвшин тогтоогүйгээс эдийн засаг зогсонги байдалд орж, шинэ санаачлага, бүтээлч эрэлхийлэл унтарч, бизнесийн үйл ажиллагаа уруудан доройтож, дасан зохицох чадвар буурдаг. Оюуны өмчийн соёл бүрэлдэн тогтоогүй хөгжил буурай орнуудын хувьд оюуны өмчийн идэвхтэй бодлогыг авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Үүний тулд дараахь үйл ажиллагаануудыг явуулж болно.
-Өнөөгийн бодитой оршин буй оюуны өмчийн байдлыг тодорхойлох
-Шинжлэх ухаан, соёл, худалдаа, эдийн засаг, боловсролын бодлоготой уялдуулан үндэсний оюуны өмчийн стратегийг боловсруулах
-Оюуны өмчийг төрүүлэх, ашиглах, зохион бүтээгч хувь хүмүүс, байгууллагуудад шагнал урамшуулал олгодог байх.
                                                Оюуны өмчийн давуу тал
Оюуны өмч нь шинэ бүтээлийг төрүүлэн худалдаалах замаар хүн ардын амьжиргааны төвшинг практик амьдрал дээр болон соёлын хүрээнд сайжруулдаг. Хүний нөөцийн хөгжлийг түргэсгэж, эдийн засгийг урагшлуулан, шинийг санаачлагч, зохион бүтээгчдийг дэмжих урам зоригийг бий болгодог.
Оюуны өмч нь бүх хүмүүст хүртээж болохуйц нийтлэг баялаг юм. Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын хамгийн чухал үүрэг нь өөрийн гишүүн орнуудад оюуны өмчийн хэрэгслүүдийг ашиглан хөгжих замаар эд баялаг бий болгох, оюуны өмчийг өөрийн орны хөгжил цэцэглэлтэд зориулан хэрэглэхэд зохих дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой байдаг.Оюуны өмч нь ач холбогдлыг нь бүрэн ухаарсан, хүлээн зөвшөөрсөн, хуулиар хамгаалж бүрэн сахин хэрэгжүүлсэн тийм л улс оронд хөгжин дэлгэрч оршин тогтнож чадна. Дэлхийн оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагаагаа оюуны өмчийг хамгаалж түүний ач холбогдол, нөлөөллийг сайжруулахын төлөө чиглэдэг.
Оюуны өмчийн тулгамдаж буй асуудалууд /иргэдийн зүгээс/
Оюуны өмчийн  бүтээл дотроо олон янз. Шинжлэх ухаан, урлаг, утга зохиолын бичмэл бүтээлүүд, гэрэл зураг, кино зэрэг. Кино болон түүнтэй төсөөтэй бүтээлүүд гэхэд мөн л олон төрөл. Баримтат, уран сайхны, зурмал, шинжлэх ухааны гэх мэт. Бүх л төрлийн хүрээнд хандаж байна. Гомдлын 40 хувийг зохиогчийн эрхтэй холбоотой зөрчил эзэлдэг. Yүний дийлэнх нь дуу хөгжим, бичмэл бүтээл, программ хангамжтай холбоотой.

Манай аль гайгүй гэсэн бүх хүнсний үйлдвэр “Чингис” нэртэй сархад, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Гэсэн ч тэдэнд Оюуны өмчийн газрынхан “Чингис” гэсэн нэрийг хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрдөггүй гэнэ. Учир нь нэр алдартай хүний нэрэнд барааны тэмдэг олгохгүй гэсэн хууль журмаа үзүүлэн толгой сэгсэрдэг аж. Яах вэ, хууль нь нэгэнт ийм бол Оюуны өмчийн газрынхны зөв. Гэтэл эзэн Чингисийнхээ нэрийг үндэснийхээ үйлдвэрлэгчдэд өгөөгүй хэрнээ   Казахстаны нэгэн тамхины үйлдвэрт “Чингис хаан” нэрийг барааны тэмдэг болгон Монгол Улсын Оюуны өмчийн газар бүртгэж гэрчилгээ олгосон байх юм. “Чингис” нэрийг монгол хүнд, монголчуудад ашиглуулж болохгүй, харин гаднынханд болно гэсэн хууль байхгүй л баймаар.  Энэ баримтууд бол Оюуны өмчийн газрынхан оюуны өмчийг хамгаалах биш, оюуны өмчийг хулгайлахад, хувилж тараахад оролцдог болсны баримт юм. Нэр дээр суурилсан үйл ажиллагааг, бизнесийг биш, зөвхөн оноосон нэрүүдийг л патентжуулан далд бизнесийг хөхиүлэн дэмждэг тухай энэхүү өгүүллийн эхэнд дурдсан. Хэрвээ сэргэлэн, хамгийн гол нь Оюуны өмчийн газарт найдвартай танилтай хүн байвал Монголд орж ирэх нь тодорхой дэлхийн брэндүүдийн нэрийг өөр дээрээ оюуны өмч болгон патентжуулахыг зөвлөе. Уг нь ийм дэлхийн брэндүүдийг оюуны өмч болгож өгмөөргүй л юм. Гэтэл Оюуны өмчийн газрынхан яг оноосон нэрийг нь биш ч, ийм нэрээр Монголд үйл ажиллагаа явуулах эрхийг  хэн нэгэн танил талдаа патент болгон баталгаажуулчихдаг байна. Жишээ нь, хэзээ нэгэн цагт Монголд Макдональдс орж ирж л таарна. Эртнээс та энэ нэрийг Монголд ашиглах эрхийг өөрийн оюуны өмч болгоод авчихсан байвал хожмоо Макдональдсыг оруулж ирсэн компанид патентаа дажгүй өндөр үнээр зарна шүү. Энэ бол бэлэн жишээ. Харин олсон ашгаа ийм боломж олгосон хүмүүстэйгээ хуваадаг жишиг байдаг үгүйг мэдэхгүй юм.

Wednesday, December 8, 2010

Монголд ажилын байр хэр хүрэлцээтэй байна вэ?


Өнөөдөр Монгол улсад их,дээд сургууль тоогоо алдаж байна.Чанартай чанаргүй,хувийн улсын олон сургуулиуд ажиллаж байгаа боловч диплом өвөртлөн амьдралын гараагаа эхэлж байгаа залуус бидэнд мэргэжлийнхээ дагуу ажиллах боловч хомс байгаа нь хэн бүхэнд илэрхий. Сургуулиа төгсөн гарч буй оюутнуудын гуравны нэг нь л ажиллын байраар хангагдаж чадаж байна нь боловсролын байгууллагын чанартай ажиллаж байна уу үгүй юу гэдэг нь харагдаж байна. Бүхэл бүтэн дөрвөн жилийг оюутны ширээний ард сурч өнгөрүүлчээд мэргэжлийнхээ дагуу ажиллаж чадахгүй байна гэдэг харамсалтай.Нэг талаасаа энэ асуудалд төрийн буруу бий. Их,дээд сургуулиудыг тоог борооны дараах мөөг шиг бий болход хүргэсэн явдал нь. Одоо бидэнд мэргэжлийн боловсрол олгох сургуулийг гаргах хэрэгтэй. Гагнуурчин,сантехник ч,мужаан гэх мэт. Оюутан бидний үзэж байгаа сургалтын праграм нь хуучирч хоцрогдсон зүйлийг оруулсан байгаа нь харамсалтай. ХХI зуун гарч байхад нөгөө л Оросын хуучирсан техник,технилогитойгоо. Гадаадад мэргэжил дээшлүүлж ирээд ажил хийе гэхээр нөгөө л хуучирч муудсан багаж хэрэгсэл. Гадаа бидний нүдэндээр баригдаж байгаа барилга дээр Хятадууд,Ветнамууд өдөрийн багаар бодход 15.000 төгрөгний цалин авч байна. Бас дээр нь тэд нар зүгээр ч ажиллахгүй архидан согтуурч элдэв янзын танхайн болон хүчингийн гэмт хэргүүдийг гаргасаар байна. Яагаад Монгол хүнээ  барилга дээр ажиллуулахгүй байгаа вэ гэх юм бол ерөөсөө л барилга дээр ажиллах хүн байхгүй байгаа л юм. Ажлын байрны асуудал очсон газар бүрт хөндөгдөж байна. Манай Засгийн газрын нэгдүгээрт тавьж буй зорилт маань иргэдээ ажлын байртай болгох. Энэ ажил маань шуурхай үр дүнгээ өгөх эсэх нь иргэд та бүхнээс шалтгаалах юм. Өнгөрсөн хавар шийдсэн томоохон бүтээн байгуулалтын шийдлүүд шинээр ажлын байр бий болгох нөхцөлийг бүрдүүлж байна. Он гарсаар Оюутолгойд ажиллагсдын тоо 1100 гаруй хүнээр нэмэгдэж, өнөөдөр тэнд 3600 гаруй монгол ажилчин ажиллаж байна. Ойрын жилүүдэд 6000 хүртэл ажлын байр нэмэгдэх хандлага байна.
                          Үүнээс гадна хувийн хэвшлийнхэн Өмнөговь аймгийн Ухаахудаг, Нарийн сухайт, Ховдын Хөшөөтийн нүүрсний орд, Сэлэнгийн Төмөртэйн орд газрын олборлолтыг эхлүүлж, түүнийг дагасан дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт  анх удаа үндэсний мэргэжилтэн, ажилчдын хүч хөдөлмөрөөр дулааны цахилгаан станцыг барьж байгуулж байна. Ажлын байр олноор бий болох хандлага байна.
Хавтгайруулсан халамжийн бодлогыг зогсоох нь нэн чухал. Бид иргэдээ өөрсдөө төрөө харсан сэтгэлгээнд оруулаад байна. Ажил хийхийн оронд улсаас хэдэн төгрөг аваад гэртэй хэвтэж байх нь зарим хүмүүсийн дунд энгийн үзэгдэл болжээ. Улсад олон жил ажилласан хүн ганц ч жил ажиллаагүй хүнтэй адилхан эмнэлгийн тусламж авах нь зөв үү?
Бас нэг асуудал юу вэ гэвэл Монгол улсын төр жижиг дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хэтэрхий их дарамт үзүүлж байна. Мэргэжлийн хяналтын газар, татварийн байгууллага гэх мэт. Энэхүү хувийн сектирүүд нь 82% эзэлж байхад төр дарамт шахалтаа үзүүлсээр л байгаа нь тун харамсалтай. Бизнес эрхдэгчдийн хүслийг төрийн бодлогод оруулах нь чухал юм. Эдийн засгын чөлөөт байдлыг бий болгох хэрэгтэй. Жишээ нь Азийн дөрвөн бар улсуудын тоонд ордог Тайвань улс нь жижиг дунд бизнес эрхлэгчдийнхээ хүслийг төрийн бодлогтоо оруулж тэдний дэмжисэн зөв хууль тогтоомж гаргасан нь өдгөө тэрхүү улсын хөгжилийг авчирсан юм. Гэтэл манай орны хөдөлмөрийн тухай хууль бол ичмээр хууль. Нэн тэргүүнд бид уг хуулиа шинчлэх,засварлах,өөрчлөх хэрэгтэй. Одоо бид бүхэн маш чухал үедээрээ явж байна. Банканд байгаа мөнгийг эргэлтэнд оруулж зээл олгох хэрэгтэй. Болж өгвөл хүүгүй байх. Барьцаа тавьж зээл авах боломжгүй маш олон иргэд байгаа. Германд ийм иргэдээ төр нь батлан дааж авдаг. Монгол улсын төр ч гэсэн ийм байх боломжгүй гэж үү?

Friday, December 3, 2010

Угсаатны сэтгэл судлал шинжлэх ухаан болох нь


/ишлэл зүүлт/
Хүмүүс аялан явж,худалдаа хийж бусад орны ард түмний ёс суртахууны онцлогийг өгүүлэх болсон тэр үеэс угсаатны сэтгэл зүйн мэдлэг бага багаар хуримтлагдсаар философич,түүхчдийн бүтээлд тусгалаа олжээ. Тэдний дотроос Геродот /МЭӨ 400 он/ аялан явах үедээ танилцсан ард түмнийдийн түүх болон амьдралын онцлогийг өгүүлэн бичиж байсан нь одоо ч сонирхол татсаар байна. / Геродот,1972,50-75 /
Анх удаа ард түмэн,тэдний зан байдал,үндэсний сонирхол зэрэг ухагдахууны онолын төсөөлөл XVI-XVIII зууны сэтгэгчид Н.Макиавелли, Ш.Монтескье,И.Кант,Д.Юм,Г.Гегель,И.Фихт,И.Гердер,К.Гельвеций нарын бүтээлд тусгагджээ. / Коул.М.1997,21-54 /
XVIII зуунд Францийн соён гэгээрүүлэгчид “ард түмний оюун сэтгэл” гэдэг ухагдахууныг юуны өмнө газар зүйн хүчин зүйлс,цаг уур,түүнчлэн шашин,зан заншил,өнгөрсөн үеийн түүх,үлгэр домог зэрэг ард түмний өвөрмөц онцлогыг тодорхойлж чадна гэж тайлбарласан байна. /Л.Уранцэцэг.2007.5 /
“Хойт зүгийн ард түмэн зоригтой эрэлхэг”,”өмнөд зүгийг халуун орны ард түмэн залхуу, гавьяа зүтгэл гаргах чадваргүй ,гэхдээ амьд зохион бодохуйтай” /Монтескье Ш.1955,412 /
Үндэсний сэтгэл зүйн онцлогийг цаг уур,газар орны байдал,аж төрөх ёс,хүмүүжил, нийгмийн байгуулал,түүхийн нөлөөлөөр тайлбарлаж,ард түмний оюун санааг түүний сэтгэл мэдрэмж, хэл,үйл хэрэг,аман зохиолын судлалаар дамжуулан мэдэж болно               /Гердер И.Г.1959,274 /

Эцэсийн Хорчин


(өгүүллэг)

Умар зүгээс Бээжин хотыг зорих хөл хөдөлгөөн нэт их нэгэн том замыг тосон мэхэлзэж , үдэн гэдэлзэх олон олон хот тосгодын нэг нь зам руу харсан өнгөн талаа пааландан гял цалаар гийлгэсэн атал ар нуруу нь ачаа даахаа алин цагийн больж, өтөлсөн хөгшин илжигний атираат нуруу шиг өмгөр умгар шавар тагзнуудаас бүрддэг Тайвас хэмээх нэвсгэр хот бөлгөө. Түүхийн шарласан хуудсуудыг сөхөн үзвэл өмнө зүгээс хүний олноор түрэх хятад иргэдийг махир сэлмээр тосож цөс ихт хурдан морьдын хар эрчээр үлдэн хөөж хэрэмнийх нь чинадад оруулаад “Дахиад наашаа хоншоороо цухуйлгаарай та нар” хэмээн мянга мянган жил аашилж явсан агсамхан эрсийн хээр тулсан тулгын гурван чулуутай , тэр дундаас манарах амьд халуун утаат нутаг байж энэ Тайвас.
Одоо гэвэл их зам бараадан бээвийж зогсоо хүн шиг. Замаар есөн өнгийн түмэн хэлийн хүн зон тасралтгүй хөлхөж зарим нь цахарын их говийг хэрхэн туулна даа гэхээс бяцхан зүрхшээн халиран ахуйд тэр элсэн далайг нэгэнт туулаад ирчихсэн зарим нь өөр өөрийн хэлээр өвөр зуураа бардам амгалан ярилцан Жанчхүү хотыг зорино.

Энэхүү хөлхөгч түмэн амьтан надад ч ямар хүртээл байх билээ дээ гэх шиг анир гүмхэн байдаг зуу зуун гудамжуудаас Тайвас үндсэн тэжээлээ олж хот хэмээх ахадсан нэрийг тахир махир гудамжууддаа томдсон пайз мэт зүүх авай . Хал балгүйхэн шиг тийм нэгэн гудамжинд нь Ван-Жэ-Шин нэрт бөгтөр өвгөн гудамж шигээ нам гүмхэн сууна . Өвгөний хэдэн настайг хөршийнхөн нь ч мэдэхгүй . Өвгөн өөрөө ч насаа мартсан мэт байдаг бөлгөө.
Зарим өглөө арай ядан гэлдэрч хашаанаасаа гараад өмнөх байшингийнхаа ар руу ганхан гунхан шээж зогсохыг нь үзсэн хөршүүд нь “Өвгөн өнөөдөр л салхинд түлхүүлж унаад дахин босохгүй нь дээ” гэж бодоцгоосноо өвөр зуураа сэм ярилцана . Өвгөн ч ганхан гунхан салдираглан гэлдэрсээр тагзандаа ороод таг болно . Тэгснээ ганц хоёрхон хоногийн дараа гэнэт жороо орсон луус шиг их л жавхаалаг болчихсон чихэр түрхмэлтэй жимс ачсан явган тэрэг түрээд төв замын зүг шоорогонон алхахдаа болоо ч үгүй дуу аялчихсан явах нь сонсогдоно . Өвгөнийг ийнхүү сэргэх бүрийд хавийн хүүхэд багачууд гэр орноосоо дүүлэн гарцгааж гудамж дүүрэн дуу шуугиан үүсгэн нам гүм орчныг амилуулах авай . Хүүхдүүд өвгөнийг бүчин
- Өвөө өвөө саранд хүрэхэд хэцүү юү гэж шуугилдахад өвгөн инээмсэглэн
- Хай , тэр ч гайгүй шүү . Сайн алхвал жилдээ хүрчихнээ гээд үнэхээр л саранд хүрчихэе хэмээн шийдэж явах мэт эрмэг алхана .
- Өвөө өвөө өвгөн болох хэцүү юү гэцгээхэд нь өвгөний алхаа дахин хүндэрч тэргүүн гудайлгаад
- Хай , тэр харин хэцүү шүү . Зуун жил алхаад ч барахгүй дээ гээд дуугаа хураана . Гудамжны үзүүрт хүрээд хүүхдүүд гараа даллан үлдэцгээж өвгөн муу тэргэнцрээ харжигнуулан цааш одох авай . За тэгээд өвгөнийг орой харьж ирэхэд өдөржин харуулдсан хүүхдүүдийн нар ганц гарч бөөн л найр наадам хөл хөгжөөн үүснэ . Өвгөн тэдэнд аагтай ногоо жигнэсэн будаанаас өгсүүлээд чихэр жимсийг өч төчнөөнөөр нь авчирч өгнө . Наймаачид төв зам бараадан өдөржин зогсоцгоохдоо бүгд л бүрмэл жимс заравч оройдоо мөнөөх жимсээ тэрэг тэргээр нь түрэн урам муутай ирэх атал өвгөн тийм биш юм . Авч явсанаа бүгдийг нь зарчихаад ирэх төдийгүй
- Айдаа наймаа гэдэг нүүрийн буянтай хүний ажил шүү гэж алиална .
Зарим залуус түүнийг бүчин шавж
- Та өөр ашигтайхан наймаа хийгээч мөнгийг ч уут уутаар нь олно доо гэлцэхэд өвгөн толгой сэгсэрч
- Мөнгө зоос гэдэг нас насаар, заяа заяагаар олддог эд шүү. Миний нас заяанд энэ нь болноо гэнэ .
Өвгөн ийнхүү сэргэлэн жавхаалаг болсон нэгэн өдрөө гудамжны үзүүрийн хоолны газар өөрөөсөө хэдэн үе дүү идэр хүдэр харцуулыг тойруулчихсан өмнөө тавьсан жүнзтэй хатуу архинаас хаад нэг балган жаргаж ам халмагц
- Би чинь уг нь Хорчин хүн шүү дээ гэж айлдахад цугласан харцуулын чих дэлдийж
- Тэр Хорчин гэдэг чинь юу байнаа гэлцэн гайхацгаалаа .
Тэдний тийнхүү юү ч мэддэггүйд нь өвгөн эрдэн соосойж
- Хорчин гэдэг чинь Монгол угсгаа даа . Чингис хааны дүү хавт Хасарын удам дамжсан голомт байгаа юм . Тэр хавт Хасарын цус одоо миний судсаар гүйж байгаа нь энэ гээд чөргөр бугуйгаа гарган гурийсан хөх судсаа үзүүлмэгц бах нь ганц ханах мэт улаан буйлаа гялалзуулан хөхөрнө . Харцуул ч хөхрөлдөж
- Та ч бас Хасар тийм биз гэлцэхэд
- Хай би бишээ . Би гэдэг соёлын хувьсгалд нүдүүлж үндэс нь суларсан муу хэрзгэр өвгөн Ван-Жэ-Шин шүү . Харин Хасар бол баатар эр . Ах Чингис хаантайгаа дэлхийн талыг эзэлсэн ойгүй бяртай хүн юм гэнэлээ гээд чимээ алдан тонгойход нь нэг эр их л хэрсүүрхэн бодож бодож
- Аа ... Тийм тийм ...Тэр чинь Тайзу хаан , агуу их хаан байна шүү дээ . Юуны чинь Хорчин байхав дээ . Өмнө зүгийн хүн . Дэлхийн тал гэдэг чинь харин үнэн байна . Дэлхийн тал нь дундад улс байхгүй юу . Тийм биз гэхэд өвгөн толгой сэгсэрч
- Чи даанч юу ч мэдэхгүй байна даа гэсэн авч тэр балчир эрийн ам мэдэн бурсаныг буцаачих барим тавим ганц ч үг олж чадсангүй .
Манан будан дунд сүүмийн байх шиг санагдагч олон жилийн өмнө эцэг нь өөд болохдоо
- Чи бол Хорчин хүн юм шүү . Чиний эцэг дээдэс бол ах Чингистэйгээ цуг дэлхийн талыг эзлэлцэж явсан баатар эр хавт Хасар юм шүү дээ гэсэн бүдэг бадаг сураг хэлээд л тэнгэрийн орондоо заларч одсон бөлгөө . Ван-Жэ-Шин идэр залуудаа энэ тухай олныг бодож явсангүй . Харин өтөлж нас дарах тусам яагаад ч юм энэ тухай дахин дахин бодогдоод байх болсон учрыг сая ухаарч эцгийнх нь хэлсэн хэдхэн үгээр түүний судас лугшиж байхыг гэнэтхэн энэ өдөр анзаарч уусан архиндаа маналзан уурсаж
- Та нар бол боолууд . Миний нутагт хариас шаахайгаа үүр ирсэнээс өөр юу та нарт байгаа юм . Энэ бол хавт Хасарын эзэмшил газар . Муусайн илжигнүүд зайлцгаа . Миний эцэг дээдсийн хөлийн улыг та нарын эцэг дээдэс долоож явсан юм . Би бол угсаа залгасан нутагтаа суугаа Монгол Хорчин хүн гээд хашгирчихсан нь харцуулын уурыг улайссан төмрийг усанд дүрэх мэт шархийлгэн хөдөлгөж орхижээ . Тэд чанга чангаар хашгиралдан ээлж дараалан босож ирэн
- Чи тэгвэл яагаад Хасар овогт биш Ван овогт юм . Чиний чих илжигний чих биш гэх үү гэлцэн ам уралдуулан загнаж гарчээ . Зөвхөн загнаад зогссонгүй
- Чи дундад улсын газар нутгийг юу юу гэж бурна гэнээ . Чиний атигар хөлд энэ газар гишгэх сөөм эрх олдож байгаа нь их юм . Яана гэнээ чиний дээдэс бидний дээдсээр улаа долоолгож явсан юм бол одоо чиний нохой хэлээр хөлөө долоолгоно доо хэмээн омогдож гутлаа тайлцгаан өвгөнийг нэвширтэл нь балбаж бодлогогүй цуурсан хэлээр нь шивэртэй хөлнүүдээ уйдатлаа долоолгожээ . Тэдний уур дундрахыг хүлээлзнэн бөндөгнөж байсан хоолны газрын эзэн өвгөн данжаад нэвширтлээ нүдүүлсэндээ гоморхон уйлж хэвтсэн өвгөнийг өндийлгөн гэрт нь хүргэж өгөхөөр хөтлөн гарлаа . Зам зуур өвгөн ихэд гутран уйлж
- Тэд яагаад намайг ойлгосонгүй вэ? Би тэдэнд үнэн юм ярьсан шүү гэж гомдоллосонд хоолны газрын эзэн түүнийг тайвшруулах гэхдээ
- Хай чи бурууг хийсэн шүү . Манай энд гуаньдун хүн , шандун хүн бүгд байна . Тэд харин чам шиг аашлаагүй за хэвтэж амардаа гээд гарч явжээ .
Өвгөнд бол нэг их өндөр газраас цасаар шуурсан нүцгэн талд унаад хариугүй муу бутнаас зуураад хэвтэж байгаа хүн шиг нэн ч гунигтай байлаа .
Цас хялмаалсан нэг өдөр өвгөн гарч шээсэнгүй . Хөрш нь орж үзвэл өвгөн тэнгэрт халиад орны нь өмнөх явган ширээн дээр нэгэн бичиг үлдсэнийг монгол хэлнээ буулгавал
– Миний Хорчин цус царцлаа гэсэн байжээ .
Өвгөнийг өмнөт нутгийн хүн оршуулдаг заншлаар дуу чимээ багатай авч цаас хүж шатаан ёслол дутаалгүй нутаглуулав . Түүний хэдэн настайг хэн ч мэдээгүй төдийгүй энэ нутагт
- Би Хорчин хүн гэх мэтийн элдвийг ярих хүн дахиж нэг ч гараагүй билээ .

Доржзовдын Энхболд

Tuesday, November 30, 2010

Хамтын зан үйл

Хамтын зан үйл нь олон түмнийг хамардаг бөгөөд тэдний өдөр тутмын амьдралд байнга тохиолддоггүй зан үйлийн илэрхийлэл тул энэ нь байнга өвөрмөц тайлбарыг социологчдоос шаардаж байдаг. Хөөрөлд автсан олон түмэн,үймээн самуун нийгмийн хөдөлгөөн,нийгмийн хувьсгал зэрэг нь хамтын зан үйлийн гол ухагдахуун нь болдог.
         Хамтын зан үйлдлийн онолчид (collective action) үзэхдээ: Хамтын зан үйл дахь зохион байгуулалт,төлөвлөлт,тооцоо зэрэг ухамсарт үйл ажилллагааны үүргийг цохон тэмдэглэдэг ажээ. Тэд нийгмийн амьдралын хэвийн хэм хэмжээнээс олон нийт рүү нэгдэн нийлэх нь нийгмийн хяналт алдагдаж байгаагийг шинж тэмдэг биш,харин энэ нь нийгэм дахин зохион байгуулалтад орж байгаагийн шинж тэмдэг гэж тайлбарладаг.
         XVIII-зууны эхэн үед Английн нэгэн тосгоны нэхмэлчид эвдэн сүйтгэх үйл ажиллагаа явуулжээ.Англи улс гар урлал нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр энэ зуунд их амжилтыг олж,нийгэм тэр чигээрээ л нэхмэл эдлэлийг хийж байлаа.Гарын уртай хүмүүс нь нэхмэлийн суурь машиныг гэртээ байрлуулж хувцас үйлдвэрлэдэг байв.Зарим нэг нь гадаа гудамжинд бүтээгдэхүүн хийж орон нутгийн зах дээр борлуулдаг байжээ.
Гэтэл нэхмэлчдийг дан ганц ганцаар нь биш,бөөнөөр нь нийлүүлж ажиллуулаад хийсэн ажилд нь оногдох цалин өгч түүгээр ч үл барам гадаад орнуудаас ажилчид хөлслөн ажиллуулах болсноор үйлдвэрлэл жинхэнэ утгаараа Англи оронд эхэлсэн байна.Харин энэ үйл ажиллагаа нь нэхмэлчдийн санаанд огтхон ч нийцсэнгүй.Учир нь гар нэхмэлийн машин дээр 1 цагт хийх ажлыг үйлдвэрийн механикжсан нэхмэлийн суурь машин дээр ердөө хэдхэн хоромд гүйцэтгэж байсан нь гар нэхмэлчдийн зах зээлийг боогдуулж ажилгүй болгоход хүргэж байсан тул тэд үйлдвэрийн шинэ машинуудыг эвдэж үйлдвэр үрүү дайрч эсэргүүцлээ хурцаар илэрхийлсэн байна.Гэсэн ч гар нэхмэлийн машинууд механикжсан хөдөлгүүртэй болж,улам улам боловсронгуй болсоор л байлаа.Харин уламжлалт аргаар бүтээгдэхүүн хийж байсан тэр үе өнөөдөр зөвхөн түүх болон үлдсэн төдийгүй шинэ зүйлийн эсрэг хэрхэн дургүйцэж тэмцэж байсан нь Хамтын зан байдлын түүхэн тод жишээ болсон билээ.Социологчдын дунд хамтын зан үйлийг тайлбарладаг хоёр томоохон үзэл онол байдаг.Үүний нэг нь функционалистууд юм.Тэд үзэхдээ:Нийгмийг систем болохоо болилоо гэдгийн дохио нь хамтын зан үйл юм гэж тайлбарладаг.Дээр дурьдсан жишээ бол үүний тод илрэл юм.Тухайлбал нийгмийн хяналтын хуучин механизм шинэ технологи гарч ирснээр өөрийн эрхгүй эвдэгдэж байна.Нэхмэлчдийн зан байдал нь ухамсарт бус байдлаар илэрч байгаа нь тэд шинэ машиныг эвдэж сүйтгэж байгаагаар өөрсдийн санаа бодлоо илэрхийлж байна.
                Хамтын зан үйлтэй бүлгийг  дараах шинж чанарын тусламжтайгаар таньж болно.
-Нийгэмд хязгаарлагдмал харилцан үйлдлийг үзүүлж байдаг. Тухайлбал: нийгмийн бүлгийн гишүүд нэг нь нөгөөтэйгээ харьцахдаа зөвхөн тухайн цаг үедээ л харилцаанд ороод өнгөрдөг. Цуглаан гэхэд л гишүүдийн дунд түр зуурын хязгаарлагдмал харилцаанд байна
-Цэвэр биш нийгмийн хил хязгаартай. Өөрөөр хэлбэл: Хамтын зан үйлд нэгдэж байгаа хувь хүн бүр өөр өөрийн гэсэн үзэл бодолтой. Гэхдээ тэдэнд тэдний хооронд бага ч гэсэн нийгмийн нэгдэл оршиж байдаг. Энэ нь нийгмийн гишүүд бие биетэйгээ механик эв нэгдлээр холбогдож байдаг гэсэн Дюркгеймийн онолтой адил байдлаар тайлбарлагдаж болох юм.
-Нийгэмд дадал болоогүй хэм хэмжээтэй.

Нийгмийн бүлэг дэх зан байдал бол нийгэмд зайлшгүй дадал болоогүй ч гэсэн тодорхой нэг хэмжээгээр зохицуулагддаг. Тухайлбал: Тухайн нийгэмд урьд өмнө нь гарч байгаагүй тийм олон нийтийн байгууллагыг байгуулья гэж бодьё,тэгвэл тэр оронд байхгүй шинэ зүйл учир өөр улс оронд иймэрхүү байгууллага ямархуу хэм хэмжээг дагадаг байна вэ яг түүнийг үлгэр болгон ашиглаж байдаг.